Дэлхийн тэргүүлэх баячуудын нэг, хөрөнгө оруулагч Уоррен Баффеттай хамт үдийн зоог барих уламжлалт дуудлага худалдаа 21 дэх жилдээ зохион байгуулагджээ. eBay, Сан Франциско дахь ашгийн бус Glide Foundation сангийн хамтран зохион байгуулсан дуудлага худалдааны ашиг орлогын тодорхой хувийг ядуурал, өлсгөлөнгийн эсрэг тэмцэхэд зарцуулах ажээ.
Энэ жилийн дуудлага худалдаа зургаадугаар сарын 12-ны өдөр 25,000 ам.доллароос эхэлж өнгөрсөн баасан гарагт 19,000,100 ам.доллар хүрч хаагдсан байна. Дуудлага худалдааны ялагч нэрээ нууцалсан бөгөөд Баффеттай үдийн зоог дээр стейк идэхийн тулд 19 сая ам.доллар төлснийг eBay мэдэгджээ.
Уг дуудлага худалдааг хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулж, цар тахлын улмаас хоёр жил завсарласан байна. Сүүлийн дуудлага худалдааны ялагчаар тодорсон цахим мөнгөн тэмдэгтийн салбарын бизнес эрхлэгч Жастин Сан 4,5 сая ам.доллар төлж Уоррен Баффеттай зоог барьжээ. Энэ жилийн ялагч сүүлчийн дуудлага худалдааны ялагчаас дөрөв дахин их мөнгө төлөөд зогсохгүй дуудлага худалдааг зохион байгуулж эхэлснээс хойш хамгийн өндөр дүнг санал болгосон байна.
Нууцлаг эрхэм Нью-Йорк хот дахь Смит&Волленский стейкхауст долоо хүртэл тооны зочин урьж Баффеттай зоог барих ажээ. Баффеттай зоог барьж, санал солилцож, үнэтэй зөвлөгөөг нь сонсох дуудлага худалдааг хамгийн анх 2000 онд түүний эхнэр асан Сюзи Баффет зохион байгуулж байжээ. eBay 2003 оноос уг арга хэмжээг зохион байгуулах болсон байна.
Эх сурвалж: CNN