Цаг үеийн мэдээ

Оскарын шагналыг 2006 онд “Crash” киноны зохиолоороо хүртэж байсан найруулагч, продюсер, зохиолч Пол Хаггис гадаад эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт холбогдон Итали улсад баривчлагдан саатуулагдаад байгаа ажээ.

Канадад төрсөн 69 настай найруулагч, зохиолч Италийн Пуглиа муж дахь Остуни хотод кино наадамд оролцохоор зочлоод байжээ. Прокурорын мэдэгдэлд Хаггис эмэгтэйг өнгөрсөн баасан гарагт Бриндиси хот дахь Папола Касале нисэх буудалд авчирсан бөгөөд хоёр хоногийн турш харилцан зөвшилцөлгүйгээр бэлгийн харилцаанд орсон тул ням гарагт баривчлан саатуулсан гэжээ. Мөн уг эмэгтэйн биед гэмтэл учруулсан гэж зарим хэвлэлд дурдсан байна. 

Эмэгтэйг Бриндиси хотын цагдаагийн газарт авчирсны дараа биед нь учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэсэн байна. Хаггисийн өмгөөлөгч Прияа Чодригийн хэлснээр Итали улсын хуулийн дагуу хэргийн нотлох баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Мөн Хаггис ямар ч гэм буруугүй бөгөөд эрх баригчидтай хамтран ажилласны дүнд шударга үнэнийг аль болох хурдан тогтооно гэж мэдэгдсэн байна.

Хаггис нь “Сая долларын хүүхэд” болон Жеймс Бондын хэд хэдэн цувралын зохиолыг бичжээ. Тэрээр 2017 онд Нью-Йоркод бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож байсан удаатай ажээ. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа