Өнгөрөгч оны аравдугаар сард Нобелийн энх тайвны шагнал гардсан ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов Украины дайнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслахаар шагналаа дуудлагаар худалдахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл сэтгүүлч Муратовын Нобелийн шагнал 103,5 сая ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоосон байна.
Өмнө нь Жеймс Ватсон Нобелийн шагналаа 2014 онд дуудлагаар худалдахад 4,7 сая ам.доллар хүрсэн нь дээд амжилт тогтоогоод байсан юм.
Новаяа Газета сонины эрхлэгчээр ажиллаж байсан Муратов шагналыг дагалдаж ирсэн 500,000 ам.долларыг хэдийн хандивлаад байгаа аж. Тэр Украины дайнд нэрвэгдэж, орон гэрээ орхин дүрвэсэн хүүхдүүдийн ирээдүйд гэрэл асааж, боломж олгохыг хүссэн тул өөрийн шагналаа хандивлахаар болсон гэдгээ хэлж байжээ.
Дуудлага худалдаанаас авсан мөнгөө шууд НҮБ-ын Хүүхдийн сан руу шилжүүлэхээ мэдэгджээ. Нобелийн шагналын 175 грамм 23 каратын алтан медалийг 10,000 орчим ам.доллароор үнэлдэг байна.
Эх сурвалж: The Guardian