Цаг үеийн мэдээ

Ирландын Типперэри хотод 81 болон 79 настай гэр бүлийн хүмүүс зуслангийн байшиндаа амьсгал хураасан байсныг жил хагасын дараа олжээ. Тэдний цогцсыг энэ долоо хоногт олсон бөгөөд нас барсан шалтгааныг нь тогтоохоор Ирландын цагдаа нар ажиллаж байна.

Николас болон Хилари Смит нар Типперэри хотын Россане нэртэй алслагдсан сууринд амьдарч байжээ. Тэдний хөрш хосыг 2020 оны сүүлчээс хойш дахин хараагүй тул сэтгэл зовниж цагдаад мэдэгдсэн байна. 

Цагдаа нарыг гэрт нь ороход Николасын цогцос унтлагын өрөөнд, Хиларигийн цогцос зочны өрөөнд байжээ. Гэрт нь ямар нэг зүйл хөглөрсөн болон гаднаас хүч хэрэглэсэн шинж огт ажиглагдаагүй байна. 

Тэдний цогцсыг задлан шинжилгээнд өгсөн бөгөөд хариу хүлээж байгаа аж. Урьдчилсан байдлаар хосыг коронавирусээр өвчилсөн, аль эсвэл нүүрстөрөгчийн хийд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. 

Уг гэр бүл Австрали улсад усан онгоцон дээр ажиллаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарсныхаа дараа Ирландад нүүж ирэн, Россанед амьдраад 10 орчим жил болсон гэх мэдээлэл байна. Тэд хүүхэдгүй байсан учир нас барсан байсныг нь хэн ч мэдээгүй аж. 

Хөршүүдийнх нь ярьснаар үргэлж эелдгээр мэндчилж, цайнд урьдаг байсан гэнэ. Гэвч өнгөрсөн жил хагасын хугацаанд огт харагдахаа больжээ. Хэргийн газраас олдсон сүү, бусад зүйл дээр улбаалж тэднийг 2020 оны 11 юм уу 12 дугаар сард нас барсан гэж үзсэн байна. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа