Цаг үеийн мэдээ

"Ласковый май" хамтлагийн дуучин, гоцлол дуучин Юрий Шатунов зургаадугаар сарын 23-ны шөнө 48 насандаа таалал төгсжээ.  Эмч нарын үзэж байгаагаар үхлийн шалтгаан нь зүрхний цочмог дутагдал байсан.

Юрий Шатунов 1973 оны 9-р сарын 6-нд Башкирын Автономит Улсын Кумертау хотод төрсөн.

Юрийг гурван настай байхад эцэг эх нь салж, 11 настай байхад нь ээж нь нас баржээ. Түүнээс хойш аав нь түүнийг үл хайхардаг байсан ба тэрээр хамаатныхаа айлд амьдардаг байсан ч байнга гэрээсээ зугтдаг байжээ. Түүнийг Акбулак тосгоны асрамжийн газрын дарга Валентина Тазенкова асран хамгаалалдаа авчээ. Валентина 1986 онд Оренбург хотын 2-р асрамжийн сургуулийн захирлаар томилогдон Юра түүнийг даган тэнд очсон байна.

2-р асрамжийн газрын сургуулийн сонирхогчдын урлагийн дугуйланг хөгжмийн зохиолч Сергей Кузнецов удирдаж байжээ. Тэрээр Юра Шатуновтой уулзаж - "Ласковый май" хамтлагийн түүх эхэлжээ. Хамтлагт дахин гишүүд нэмж авснаар Юра ба бусад залуус 1986-1988 онд орон нутгийн соёлын төв, дисконд тоглох болжээ. Алдарт "Мираж" хамтлагийн менежер Андрей Разин тэдний "Белые розы" дууг санамсаргүй сонсжээ. Тэрээр залуу жүжигчдийг Москва руу шилжүүлэн авчээ.  Тэдний алдар нэр, амжилт 1988 онд ирж, анхны том аялан тоглолтоо хийсэн байна.

Шатунов эхнэртэйгээ 2000 онд Германд аялан тоглолт хийж байхдаа танилцжээ.  Тэд Деннис, охин Эстелла гэх хоёр хүүхэдтэй.  Шатунов хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө карьераа түр завсарлаж байжээ.

Сүүлд продюсер Андрей Разин Юра Шатуновыг Ласковый май хамтлагийн хит дуунуудыг дуулахыг хориглосон шалтгаанаар хэдэн жилийн турш шүүхэд өгсөн байна. Тэрээр Шатуновын тоглолтыг эзэмших эрхтэй гэдгээ мэдэгдэж, концерт зохион байгуулах гэж оролдсон бүх хүнийг шүүхээр заналхийлж байжээ.

Шатунов нас барахаасаа зургаахан хоногийн өмнө Ласковый Май хамтлагийн дуунуудыг дуулах эрхээ шүүхээр сэргээн авч чадсан байна. “Надад зохиогчийн эрх эзэмшигч болох баримт бичгийн бүрэн жагсаалт байна. Андрей Разин миний эсрэг хийхийг оролдож байгаа зүйл бол үхлийн өмнөх хямрал юм. Миний хувьд "Ласковый май" хамтлагийн дуунууд бол амьдрал" гэж Шатунов саяхан НТВ сувгийн "ЧП" нэвтрүүлэгт хэлжээ.

Эх сурвалж: Фонтанка