Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч ням гарагт ОХУ 100 сая ам.долларын зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулах сүүлчийн хугацаа байсан ч хугацаандаа төлж чадаагүй тул 1998 оноос хойш анх удаа зээлийн хүүгээ төлж чадаагүй нөхцөл байдалд орсон байна. 

Кремлийн мэдэгдсэнээр Оросын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдад зээлийн хүүгээ төлөх мөнгө хангалттай байгаа боловч Украинд эхлүүлсэн дайны улмаас олон улсын хоригт орж, улмаар зээлдэгчдэд хүүгээ төлж чадахгүй байна гэжээ. 

100 сая ам.долларын зээлийн хүүгийн төлөлт тавдугаар сарын 27-ны өдөр товлогдсон. Тов ёсоор тухайн өдөр Оросын Засгийн газар мөнгөө Euroclear банканд шилжүүлжээ. Банк мөнгийг хөрөнгө оруулагчид руу хуваарилан тараах ёстой байна. 

Мөнгө товлосон хоногоос хойш 30 хоногийн дотор тараагдах ёстой байсан ч Euroclear банкны дансанд түгжигдэж, хөрөнгө оруулагчид мөнгөө хүлээж аваагүй ажээ. Тиймээс үүнийг дефолт буюу зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөлд орсон гэж эдийн шинжээчид үзсэн байна. 

Euroclear банкны зүгээс мөнгөн чухам ямар шалтгаанаар тараагдаагүй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа