Цаг үеийн мэдээ

Япон улсад цаг агаар хэт халж, цахилгааны эх үүсвэрүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул нийслэл Токио болон тус хотын орчимд оршин суудаг 37 сая иргэнийг өнөөдөр үдээс хойш гэрлээ унтраахыг Засгийн газраас уриалжээ. Тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас иргэдийг онц хэрэгцээгүй гэрэл, цахилгаан хэрэгслүүдээ унтраахыг хүссэн байна. Харин хэт халуунд иргэдийг зүрхний шигдээс болохоос сэргийлж агааржуулагчаа салгахгүй байхыг анхааруулжээ.

Зуны улирал эхэлж, цаг агаар хэт халж байгаа тул ойрын долоо хоногуудад эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Энэ нь эх үүсвэрүүдийг хэт ачаалж, хэвийн үеийнхээс илүү хүндрэл үүсгэж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Токиогийн төвд агаарын температур цельсийн 35 хэмээс дээш гарсан байна. Мөн Токиогоос баруун хойш зүгт байдаг Исэсаки хотод цельсийн 40,2 хэм хүртэл халжээ. Исэсаки хотод бүртгэгдсэн халуун Япон улсад зургадугаар сард хамгийн өндөр халсан үзүүлэлт болсон байна. 

Өнөөдөр үдээс хойш 15:00 цагаас гурван цагийн турш Токио орчмын найман мужийн айлууд хэрэгцээгүй гэрэл, цахилгаан хэрэгслээ унтрааснаар эрчим хүчний хэрэглээ 3,7 хувиар буурна гэж найдаж байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас зүүн хойд бүс дэх цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг хязгаарласнаас эрчим хүчний хангамж эрс багассан. Түүнчлэн нүүрстөрөгчийн хийн бохирдлыг багасгахын тулд нүүрс түлдэг цахилгаан станцуудыг хаасан нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг улам цөөлжээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа