Их 7-гийн засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх ба дайн дуусах хүртэл хамгаалах тухай шийдвэрийг танилцуулсан. Уг шийдвэр гарсны дараа Украины Кременчук хотын худалдааны төв рүү Оросын тал пуужин харваж цохилт өгсөн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнээр үдээс хойш 15:50 цагийн үед пуужин унасан байна. Пуужин харвах үед худалдааны төвд 1,000 орчим иргэн үйлчлүүлж байжээ. Дайралтын улмаас багадаа 16 хүн амиа алдаж, 60 орчим иргэн гэмтэж шархадсан байна. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүллээ.
ХБНГУ-д уулзалтаа хийж буй дэлхий хамгийн чинээлэг долоон орны удирдагчид Оросын хийж буй дайралтуудыг байж боломгүй, жигшиж зэвүүцмээр үйлдэл хэмээн шүүмжлэн буруутгажээ. Мөн тэд хамтын мэдэгдэлдээ гэм зэмгүй иргэд рүү халдан дайрч байгаа нь дайны гэмт хэрэг мөн хэмээн онцолсон байна.
Кременчук хот нь Оросын хяналтаа тогтоогоод буй Украины бүс нутгаас 130 орчим км зайтай. Тиймээс Оросын талд ямар ч стратегийн ач холбогдолгүй байршил гэж Зеленський мэдэгджээ. Энэ хотод иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байсан бөгөөд энгийн иргэд рүү дайрсан нь Европын түүхэн дэх хамгийн харгис террорист халдлага гэж тэрээр буруутгасан байна.
Эх сурвалж: ВВС