Йордан улсын Акаба боомтод тээвэрлэгдэж байсан хорт хий алдагдсаны улмаас 13 хүн амь эрсдэж, 251 хүн гэмтэж бэртсэн байна. Агуулах савнаас хорт хий алдагдсан тул Акаба боомтын орчим дахь айлуудыг хаалга цонхоо хааж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Боомтод 25 тн хлор агуулсан нөөцлүүр савыг өргөж байсан утас тасарч, хорт хийтэй сав чингэлэг дээр унасан байна. Ойр орчимд шар өнгийн хий хормын төдий тархаж, тэнд байсан ажилчид амиа аврахын тулд чадахаараа зугтаажээ.
Хорт хийн жин хүнд учраас тийм ч амархан агаарт уусаж арилдаггүй байна. Тиймээс салхиар дамжин бүс нутагт тархах аюултай ажээ. Ослын дараа Акабагийн өмнөд далайн эргийн амралтын газарт байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Ослын газарт ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд, иргэнийг хамгаалах албаныхан хийн баг зүүж гэмтэж шархадсан иргэдэд тусалж байна. Орон нутгийн хоёр эмнэлэгт гэмтэж бэртсэн хүмүүсийг хүргэжээ.
Эх сурвалж: The Guardian