АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотын захад орхигдсон том оврын ачааны автомашинаас 46 хүний цогцос олдсон байна. Онцгой байдлын албаны ажилтнууд амьд үлдсэн 16 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Амьд үлдсэн хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байжээ. Мөн тэд хэт халуунаас болж зүрхний шигдээс, ядарч сульдах шинж тэмдэгтэй болсон байжээ.
Сан-Антонио хот нь Америк, Мексикийн хилээс 250 км-т байдаг хууль бус хүний наймаачид, цагаачдын явдаг гол маршрут ажээ. Хүний наймаачид энэ мэтчилэн том оврын ачааны машинаар бичиг баримтгүй цагаач иргэдийг алслагдсан бүс нутгаас хил давуулан зөөвөрлөдөг байна.
Орон нутгийн цагаар 18:00 цагт үхсэн хүний цогцос олдсон гэх дуудлагаар ирсэн онцгой байдлын албаны ажилтнууд ийм зүйл харна, тохиолдоно гэж огт төсөөлөөгүй тухайгаа ярьжээ. Ачааны машины жолооч машиныг орхин явсан ба агааржуулагч унтарсан, уух ус дотор нь үлдээгээгүй байжээ.
Мексикийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дунд Гватемалын хоёр иргэн байсан бөгөөд бусад хохирогчдын үндэс гарлыг тогтоогоогүй гэсэн байна. Хэргийн мөрдөн шалгах ажил эхэлж, гурван хүнийг саатуулжээ.
Эх сурвалж: ВВС