Украины шуурхай командлалын "Юг" фейсбүүк хуудсанд Оросын цэргүүд Змейный арлаас цэргүүдээ нүүлгэн шилжүүлж, арлыг бүрэн орхисон гэж мэдээлсэн байна. Уг мэдээлэлд Украины талаас буудсаны дараа "хоёр хурдны завиар цэргүүдийн үлдэгдлийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн" гэж дурджээ. Украины командлалын мэдээлснээр одоо арал дээр гал гарч, дэлбэрэлтийн чимээ сонсогдож байна гэсэн байна.
Үүний дараа Оросын Батлан хамгаалах яам Оросын цэргийнхэн арлыг орхин гарсан гэдгийг баталжээ. ОХУ-ын яам "Бид Змейный арал дээрх даалгавраа биелүүлж, тэнд байрлуулсан цэргийн хэсгийг өөрсдийн хүслээр эргүүлэн татсан" гэж мэдэгджээ.
Змейный арал нь хоёрдугаар сарын 24 буюу дайны эхний өдрөөс хойш Оросын цэргүүдийн мэдэлд байжээ. Өнгөрсөн тавдугаар сард тус арал дээр газардах гэж оролдсон Украины десантын цэргийг устгасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлж байсан. Украины тал эргээд арлын ойролцоо Оросын хэд хэдэн хөлөг онгоцыг устгасан тухай мэдээлсэн байна. Зургаадугаар сарын 17-нд Украины Тэнгисийн цэргийн хүчин Оросын "Василий Бех" чирэгчийг устгаснаа зарласан. Украины талын мэдээлснээр уг хөлөг Змейный аралд сум, зэвсэг, цэргийн албан хаагчдыг хүргэж байсан байна.
Хар тэнгисийн баруун хойд хэсэгт орших арал дээр хяналт тавих нь Одесса муж болон Одесса боомт руу ойртож буй эрэгт хяналт тавихын төлөөх тэмцэлд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Радио Свобода