БНХАУ-ын дарга Ши Жиньпин коронавирусийн халдвар гарснаас хойш гадаад айлчлал хийгээгүй байсан бол өчигдөр тусгай бүс Хонконгод хөл тавьсан байна. 2020 оны нэгдүгээр сараас хойш хийж буй анхны айлчлалаараа Ши Жиньпин дарга Хонконгийг Их Британиас эргүүлэн авсны 25 жилийн ойг тэмдэглэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа харууллаа.
Их Британиас Хонконгийг эргүүлж авсны 20 жилийн ойг тохиолдуулан тэрбээр 2017 онд тусгай бүсэд айлчилж байжээ. Энэ өдрийг угтаж Хонконгийн иргэд өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан хийдэг уламжлал тогтсон боловч 2020 онд аюулгүй байдлын шинэ хууль батлагдсанаар нам жим өнгөрөөх болсон байна.
Хонконгод коронавирусийн омикрон хувилбарын тархалт өндөр байгаа тул Ши Жиньпин даргын айлчлал цуцлагдаж болзошгүй байсан юм. Тэрбээр пүрэв гарагт ирэхдээ хурдан галт тэргээр ирсэн байна. Хонконгийн захирагчийн суудлаас бууж байгаа хатагтай Кэрри Лэм Ши Жиньпин даргатай уулзахаасаа өмнө ковидын тусгаарлалтад байжээ.
Кэрри Лэм өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч байгаа бөгөөд түүний орыг цагдаагийн дарга байсан Жон Ли шилжүүлэн авч байна. Ши Жиньпин Хонконгод айлчилсан ч олон нийтэд хандсан мэдэгдэл хийхгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС