Украины зүүн бүсийн Луганск мужийн дийлэнх хэсэг ОХУ-ын цэргүүдэд эзлэгдээд байсан боловч Лисичанск хот эзлэгдэлгүй үлдэж, тулаан үргэлжилж байсан юм. Тэгвэл Орос, Украины талууд Лисичанск хот эзлэгдсэн тул Луганск муж бүхэлдээ Оросын мэдэлд орсныг хүлээн зөвшөөрөн мэдээлжээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ням гарагт Ерөнхийлөгч Владимир Путин Луганскийг бүрэн эрхэндээ оруулсан гэдгийг мэдээлсэн гэж дамжуулсан байна. Мөн Украины армийн зүгээс эх орноо хамгаалж буй цэрэг эрсийнхээ амь насыг үрэгдүүлэхгүйн тулд Лисичанск хотоос цэргүүдээ албадан татсан гэж мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэ тухай мэдэгдэж “бид ханаа дахин босгох болно, бид газар нутагтаа эргэн ирнэ, гэвч энэ бүгдээс түрүүнд ард иргэдээ хамгаалах ёстой” гэсэн байна.
Оросын тал энэ оны эхэнд Украин руу дайрч нийслэл Киевийг эзлэх санаархал нь бүтэлгүйтсэнээр зүүн хэсгийн Донбасын бүсэд дайралтаа төвлөрүүлэх болсон. Энэ бүс нь Путины армид нэн ач холбогдолтой байрлал юм. Луганск нь Донбасын бүрдүүлдэг хоёр том мужийн нэг ажээ.
Эх сурвалж: CNN