Узбекстан дахь Каракалпакстан тусгай эрхт мужид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бослого гарсан байна. Энэ үеэр босогчид аюулгүй байдлыг хамгаалах албаны хүмүүстэй ширүүн мөргөлдөж мянга мянган хүн гэмтэж шархдан эмнэлэгт хүргэгджээ.
Каракалпакстан мужийн Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр мужийн төв Нукус хотын эмнэлгүүд мөргөлдөөний үеэр гэмтэж шархадсан өвчтөнүүдээр дүүрсэн аж. Узбекстаны Засгийн газар автономит эрхтэй бүс нутгийн тусгаар байх эрхийг эргүүлэн татах санал гаргаснаар Нукус хотод жагсаал болсон байна.
Жагсаал цуглаан, ширүүн мөргөлдөөний дараа Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев бүс нутгийн автономит эрхийг түдгэлзүүлэх саналыг хэрэгжүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Мөн ням гарагт бүс нутгийн захиргааны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ улс орны тогтвортой байдлыг савлуулах үйлдэл гаргалаа хэмээн жагсаал зохион байгуулагчдыг зэмлэн буруушаасан байна.
Тус улс нь ЗХУ задарсны дараа дарангуйллын дэглэм тогтоосон бүгд найрамдах улсуудын нэг юм. Каракалпакстан нь Арал тэнгисийн эрэг дээрх ихэвчлэн цөл нутагтай, 2 сая хүн амтай автономит эрхтэй бүс нутаг ажээ.
Эх сурвалж: ВВС