Их Британийн Засгийн газрын танхимын хоёр сайд асуудал дагуулсан, шударга бус Парламентад ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Борис Жонсонд өргөн барьжээ. Эрүүл мэндийн сайд Сажид Жавид болон канцлер Риши Сунак нар мягмар гарагийн орой Твиттерт огцрох хүсэлтээ нийтэлсэн байна.
Риши Сунак “Би Засгийн газрын танхимд сүүлчийн удаа ажилласан байж магадгүй. Гэвч би Засгийн газар зөв, шударга, нухацтай үйл ажиллагаа явуулна гэж хүлээж байгаа олон нийтийн зөв гэдгийг батлахын тулд тэмцэнэ. Тиймээс ч огцорч байна. Ажлаа орхиж байгаадаа сэтгэл дундуур байгаа ч энэ хэвээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжгүй боллоо” хэмээжээ.
Харин Сажид Жавид “Энэ байдлаараа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсонд харамсаж байна. Одоо байгаа удирдлагын доор нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөхгүй. Миний итгэлийг алдлаа” гэжээ.
Засгийн газрын гишүүдийг огцрох тухай мэдэгдсэний дараа Британийн Боловсролын сайд Надим Захави Сунакийн канцлерын үүргийг хүлээж авсан бол Ерөнхий сайдын ажлын албаны дарга Стив Барклэй Эрүүл мэндийн сайдаар томилогдсон байна.
Борис Жонсон Засгийн газрын танхимын чухал албанд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон Крис Пинчерийг томилсондоо уучлалт гуйсны дараа хоёр гишүүн ийнхүү огцрох хүсэлтээ өргөн барьжээ. Крис Пинчер нь удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэрэгт холбогдсоныг мэдэж байсан ч Борис Жонсон түүнийг өндөр албан тушаалд томилж, Консерватив намаас хөөгөөгүйд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Пинчер зүй бус зан авир гаргах үедээ согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан гэдгээ хүлээж, уучлалт гуйн, зургаадугаар сарын 30-ны өдөр албан тушаалаасаа огцорсон юм.
Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт өнгөрсөн сард болоход Парламентын гишүүдийн талаас илүү нь дэмжсэнээр тэрээр Ерөнхий сайдын албандаа үлдэж чадсан билээ.
Эх сурвалж: ВВС, CNN