Цаг үеийн мэдээ

Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан Абэ Шинзо Нара хотод ням гарагт болох сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлаар явж, дэмжигчидтэйгээ уулзаж байгаад хоёр удаа буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Абэ Шинзог нисдэг тэргээр эмнэлэг рүү авч яван, сэхээн амьдруулах тасагт яаралтай хүргэсэн. Хүзүү, цээжин тус газраа хоёр удаа буудуулсан Ерөнхий сайд асны биеийн байдал тун хүнд байгаа ажээ.

Абэ Шинзо руу гал нээсэн этгээд нь Нара хотын оршин суугч 41 настай Тэцуяа Ямагами гэгч болохыг тогтоосон байна. Тэрээр гэртээ хийсэн буугаар Ерөнхий сайд асан руу гал нээсэн ба хэргийн газраас зугтаах гэж оролдоогүй тулд халдлага үйлдсэн даруйдаа баригджээ. 

Япон улсад галт зэвсгийн халдлага тун ховор тохиолддог тул уг мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байна. Японы төрийн өндөр албан тушаалтанд халдсан явдал нь тус улсын аюулгүй байдлыг хамгаалах бодлогыг ул мөрөөр нь өөрчилнө гэж шинжээчид харж байна. 

Ерөнхий сайд Фумио Кишида халдлагыг байж боломгүй явдал хэмээн хурцаар шүүмжлэн буруутгалаа. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС, CNN

 

Таны сурталчилгаа