Цаг үеийн мэдээ

"Их 20"-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Индонезийн Бали аралд болсон уулзалтын үеэр хамтарсан зургаа авхуулахаас татгалзжээ. Энэ тухай Японы "Киодо Цушин" агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон барууны хэд хэдэн орны сайд нар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамт зураг авхуулахаас зайлсхийхийг оролдсон байна. Оросын тал энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди хэлэхдээ, 7-ны өдөр "Долоогийн бүлэг" (АНУ, Их Британи, Герман, Итали, Франц, Канад, Япон) болон Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Лавровыг байх учир гала оройн зоогт оролцохоос татгалзсан гэж мэдэгдсэн.  ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Лавров "эсэргүүцэгчдийн байхгүй байгааг анзаараагүй" гэжээ.

Сергей Лавров "Их 20"-ийн уулзалтын үеэр үг хэлснийхээ дараа хурлын танхимаас гарч явсан байна. Захаровагийн өмнө нь хэлснээр, Лавров "хоёр талын хэлэлцээ хийж, дараа нь хэвлэлд ярилцлага өгснийхөө дараагаар явах болно" гэжээ. Энэ нь ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн үдээс хойшхи албан ёсны зоог, уулзалтын арга хэмжээнд оролцохгүй гэсэн үг юм.

Лавров уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Украиныг байлдааны талбарт Оросыг ялахыг" хүсэж байвал барууны орнуудтай яриа хэлцэл хийх нь утгагүй бөгөөд "эдгээр хандлага нь үнэндээ Украинд энхийн нөхцөл байдал руу шилжих боломжийг олгохгүй" гэж ГХЯ-ны сайдын хэлснийг Оросын ТАСС агентлаг иш татжээ.

Бали дахь уулзалтын нээлтийг тохиолдуулан угтан авах зоогт оролцохоос татгалзсан барууны орнуудын төлөөлөгчдийг Оросын сайд эелдэг байдал, ёс зүйн дүрмийг ойлгоогүй гэж хэлжээ.  Сайд нарын уламжлалт зургаа авхуулах ажиллагааг цуцалсан тухай мэдээлэлд тайлбар хийхдээ Сергей Лавров хэнийг ч түүнтэй хамт зургаа авхуулахыг уриагүй, Орос улс "хэний ч араас гүйдэггүй" гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: Радио свобода 

Таны сурталчилгаа