Шри-Ланкын ерөнхийлөгч Готабая Ражапакса өөрийн засаглалыг эсэргүүцсэн томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа Мальдив руу зугтсан ба тэндээсээ Сингапурт онгоцоор нисэж ирсэн байна. Сингапурын засгийн газар түүнийг хувийн айлчлалаар нэвтрэхийг зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Ражапакса тэнд үлдэх эсвэл өөр газар руу явах эсэх нь тодорхойгүй байна.
Эдийн засгийн хямралд нэрвэгдээд байгаатай холбоотой олон нийтийн уур бухимдлын улмаас Ражапакса лхагва гараг гэхэд огцрохоо амлажээ. Өнгөрсөн пүрэв гарагт тэр бээр парламентын даргад огцрох хүсэлтээ цахим шуудангаар илгээсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Шри-Ланкын парламентын дарга Ражапаксагаас огцрох тухай албан бичгийг хүлээн авсан гэх мэдээлэл байна. Тэрээр захидлын үнэн зөв эсэхийг шалгаж, шаардлагатай хууль эрх зүйн үйл ажиллагааг дуусгаж, баасан гарагт Ражапакса ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч буйг албан ёсоор мэдэгдэнэ гэлээ.
Ерөнхийлөгч мягмар гарагийн орой Мальдив руу цэргийн онгоцоор зугтсан байна. Тэр Бээр Саудын Арабын агаарын тээврийн онгоцоор эхнэр, хоёр бие хамгаалагчийн хамт явсан гэсэн мэдээлэл байна.
"Тэр орогнол хүсээгүй бөгөөд ямар ч орогнол олгоогүй. Сингапур улс ерөнхийдөө орогнол хүссэн хүсэлтийг хүлээж авдаггүй" гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдэгдсэн.
Халдашгүй эрхтэй байсан Готабая Ражапаксар шинэ засаг захиргаанаас баривчлах магадлалаас зайлсхийхийн тулд албан тушаалаасаа огцрохоосоо өмнө Шри-Ланкаас явахыг хүссэн гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викрмесингх эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд тус улсад хоёр дахь өдрөө үргэлжилж буй эмх замбараагүй байдлын улмаас пүрэв гарагт хөл хорио тогтоосны дараа ийм алхам хийсэн байна.
Ранил Викремесингхэг Ражапакса улс орноо орхисны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон боловч энэ шийдвэр Ерөнхий сайдыг нэн даруй огцрохыг шаардсан шинэ эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлжээ.
Лхагва гарагт тус улсын нийслэл Коломбо хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, 84 хүн шархаджээ.
Эх сурвалж: BBC