Цаг үеийн мэдээ

Анхны болзоогоо 2001 онд буюу одоогоос 20 гаруй жилийн өмнө хийж байсан ч сүйгээ цуцлан өөр өөрсдийн замыг сонгосон Беннифер эргэн нийлж, албан ёсоор гэр бүлээ батлуулжээ. Дуучин Женнифер Лопезын ойрын эх сурвалж тэднийг Лас Вегаст бямба гарагийн шөнө хуримаа хийсэн тухай мэдээлсний дараа Женнифер энэ тухай батлан захидал илгээжээ.

Тэрээр “өнгөрсөн шөнө бид Вегас руу ниссэн. Бидэнтэй адил гэрлэлтээ батлуулахаар дөрвөн хос дараалалд хүлээж байсан. Бид бяцхан цагаан сүмд шөнө дундад харилцан амлалтаа өгч, насан эцэслэх хүртлээ хуруунаасаа салгахгүй бөгжөө солилцсон. Дараа нь бид рокын хааны нэгэн удаа унаж байсан бололтой ягаан өнгийн Кадиллак машинд зургаа авхуулсан. Төгсгөлд нь энэ бол бидний төсөөлж байсан хамгийн сайхан хурим байлаа” гэжээ. Уг захидлын төгсгөлд “ноён хатагтай Женнифер Лин Афлек” хэмээн гарын үсгээ үлдээсэн байна.

Тэд хуримаа энгийн даруу, зөвхөн дотны хүмүүсийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Лопезын бичсэнээр тэрээр кинонд тоглохдоо өмсөж байсан хуучин даашинзаа өмссөн бол Афлек хувцасны шүүгээнд байсан хүрмээ өмсжээ. 

Бенниферийн хайрын романс 2001 онд эхэлж, жилийн дараа сүй тавьсан ч 2004 онд сүйгээ цуцалснаа мэдэгдсэн юм. Тэд 17 жилийн хугацаанд хэд хэдэн удаа гэрлэж, хүүхдүүдтэй болсны дараа дахин харилцаагаа сэргээсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа