Цаг үеийн мэдээ

Ойрын өдрүүдэд Газар дундын тэнгисийн эргийн Европын орнуудад цаг агаар хэт халж, ойн түймэр газар аваад байгаа юм. Франц, Португал, Испани, Грек зэрэг улсуудыг дайраад буй хэт халалт энэ долоо хоногт Европын хойд нутгийг чиглэнэ гэдгийг цаг уурчид сэрэмжлүүлжээ.

Франц, Их Британи улсуудад хэт халуунаас сэрэмжлэхийг ард иргэддээ анхааруулж байна. Испани улсад даваа гарагт агаарын температур цельсийн 43 хэмд хүрчээ. Ойн түймрийн улмаас олон мянган иргэн, аялагч амрагчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. 

Хэт халуун цаг агаарын урсгалд нэрвэгдэж буй улс орнуудын нэг Францын баруун хэсэгт цельсийн 42 хэм хүрч хамгийн халуун цаг агаар бүртгэгдсэн байна. Тус улсад ойн түймрийн улмаас 30,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Аялал жуулчлалын бүс Жиронде мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Тус мужид долоо хоногийн хугацаанд 15,000 га талбай шатжээ. 

Цаг уурын халуун урсгал шилжсэнээр Нидерланд, Бельги, Герман, Итали улсуудад агаарын температур ирэх өдрүүдэд цельсийн 40 хэмд хүрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Португал улсад хамгийн өндөр хэм буюу цельсийн 47 хэм бүртгэгджээ. Португал, Испани улсуудад ойрын өдрүүдэд тохиож буй цаг уурын гамшгаас болж 1,000 гаруй хүн амьсгал хураасны дийлэнх нь өндөр настнууд байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа