Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийг найзынхаа эхнэртэй учир ургуулсан тухай цуу яриа гарсан. Тэгвэл Маск өөрийн найз Google компанийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Бриний эхнэртэй учир ургуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Уолл Стрийт Жөрнал сонинд Элон Маск найзынхаа эхнэр Николь Шанахантай учир ургуулсны улмаас найз Бринтэйгээ нөхөрлөлийн холбоогоо тасалсан тухай мэдээлэл гарсан юм. Маск өөрийн Твиттер хуудсандаа уг мэдээллийн линкийг хуулбарлаж, “бид найзууд хэвээрээ байгаа, өчигдөрхөн хамт үдэшлэгт явсан” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна.
Мөн тэрээр Никольтой гурван жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа л таарч байсан, тэгж тааралдах бүрт олон хүний дунд байсан тул романтик харилцаа үүсгэх ямар ч боломжгүй гэжээ. Харин Уолл Стрийт Жөрнал Маск өнгөрсөн жил хатагтай Шанахантай дотноссон бөгөөд үүний улмаас оны эхэнд ноён Брин эхнэрээсээ салах өргөдлөө өгч, технологийн салбарын тэрбумтан хоёр найз нөхөрлөлөө дуусгасан гэжээ.
Элон Маскийн хөрөнгийг 240 тэрбум ам.долларт хүрсэн тухай Блүмберг мэдээлсэн бол түүний найз Бриний хөрөнгө 95 тэрбум ам.доллароор үнэлэгддэг байна.
Эх сурвалж: ВВС