Цаг үеийн мэдээ

НҮБ-ын зуучилж Туркийн Истанбул хотод Орос, Украины талуудын өнгөрсөн баасан гарагт байгуулсан гэрээ хэлцэл ёсоор Украины үр тарианы тээвэрлэлтэд Оросын тал саад учруулахгүй гэсэн амлалтыг өгсөн. Ингэснээр Украин улс үр тарианы экспортоо ойрын өдрүүдэд эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Үр тариа ачсан эхний усан онгоц Хар тэнгисийн эргийн боомтыг орхиход бэлэн болжээ. Хэрэв гэрээ хэлцэл байгуулсан талууд үр тарианы экспортын тээвэрлэлтийн үед аюулгүй байдлыг бүрэн хангаж чадвал хэлэлцээр амжилттай хэрэгжинэ гэж Украины Дэд бүтцийн сайд Олександр Кубраков мэдэгдсэн байна. 

Баасан гарагт гэрээ байгуулсны маргааш нь буюу бямба гарагт Оросын тал Украины Одеса боомт руу пуужин харвасан нь хэлэлцээр биелэхэд саад учруулж болзошгүй гэх түгшүүрийг үүсгэсэн юм. Орос Украин руу цэргээ оруулсны улмаас боомтууд дээр экспортод бэлдсэн 20 сая тн тариа будаа гацсан. Үүний улмаас Африк даяар хүнсний хомсдол үүсэж, будааны үнэ нэмэгдээд байна. 

Энэ хооронд Оросын төрийн мэдлийн Газпром компани Норд Стрийм-1 хий дамжуулах хоолойгоор хий нийлүүлэх явцыг лхагва гарагаас эхлэн бууруулах тухай мэдэгдээд байна. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа