ОХУ-ын төрийн мэдлийн эрчим хүчний Газпром компани засвар үйлчилгээний ажлаас шалтгаалж Европ дахь хийн нийлүүлэлтээ хоёр дахин багасгахаар болсноо мэдэгджээ. Оросоос ХБНГУ руу хий нийлүүлдэг Норд Стрийм 1 хий дамжуулах хоолойн одоо ажиллаж байгаа хоёр турбины нэгийг лхагва гарагийн 04:00 цагаас эхлэн унтраахаар болсон байна.
Норд Стрийм 1 хий дамжуулах хоолой бүрэн хүчин чадлынхаа ердөө 40 хувиар ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Тэгвэл нэг турбиныг унтрааснаар хийн нийлүүлэлт 20 хувь хүртэл буурах юм байна. Газпром компанийн уг шийдвэрийг Германы Засгийн газар засвар үйлчилгээтэй холбоогүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Европ дахь хийн нийлүүлэлтийг санаатайгаар хязгаарлаж байна хэмээн Германы эрх баригчид буруутгасан байна.
Эх сурвалж: ВВС