ОХУ-ын Украин руу дайрсан үйлдлийн хариуд Европын холбоо эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин ОХУ Норд Стрийм 1 хоолойгоор дамжуулах хийгээ нийт хүчин чадлынхаа 20 хувьд хүртэл багасгасан билээ.
Оросоос хий авдаг Герман улсын хотуудад хий, эрчим хүчээ хэмнэх заавар зөвлөмж өгсөн байна. Хэмнэлт хийхийн тулд иргэдийг хүйтэн шүршүүрт орж, гэрлээ унтраахыг зөвлөжээ.
Дээрх заавар зөвлөмж зарим хотод хэдийн хэрэгжээд эхэлжээ. Уг зөвлөгөөг даган мөрдөж эхэлсэн анхны том хот Ханновер болж байна. Тус хотод хотын захиргааны мэдлийн усан сан, спорт заал зэрэг барилга байгууламжид хүйтэн шүршүүрээр үйлчилж эхэлжээ. Мөн томоохон хөшөө дурсгалын гэрлүүдийг унтраасан байна.
Хотын захиргааны барилгууд аравдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 31-ний хооронд халаалт хэрэглэх ба бусад үед халаалт авахгүй байхаар тогтжээ. Мөн зөөврийн агааржуулагч, халаагуур ашиглахаас татгалзсан байна. Хэмнэлтийн горимын дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эмнэлэг, сургууль, асрамжийн газар, цэцэрлэгт хамааралгүй ажээ. Ингэснээр тус хот эрчим хүчээ 10 хувиар хэмнэх зорилт тавьсан байна.
Харин Германы нийслэл Берлин хотод түүхэн дурсгалт хөшөө, хотын захиргааны 200 орчим байгууламж цахилгаанаа хэмнэхийн тулд гэрлээ унтраажээ. Германчууд импортоор авдаг хийн дийлэнх хувийг халаалт, тог цахилгаанд зарцуулдаг байна.
Эх сурвалж: The Guardian