АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Аль-Каида"-гийн толгойлогч Айман Завахириг Афганистанд устгасан гэж мэдэгдлээ. Энэ нь 2011 онд тус бүлэглэлийг үндэслэгч Осама Бин Ладеныг устгаснаас хойш зэвсэгт бүлэглэлийнхэнд өгсөн хамгийн том цохилт болж байна.
Жо Байден "Энэ ажиллагаа нь бид амлалтаа үргэлж биелүүлж чадна гэдгийг тод харуулж байна. Миний засаг захиргаа Аль-Каидагийн заналхийллийг хаанаас ирсэн бай хянаж, устгасаар байх болно" гэжээ. АНУ-ын тагнуулын алба мэдээллээр Египетийн мэс засалч Завахириг устгасан хүнд 25 сая ам.долларын шагнал хүртээх болзолтой байсан ба тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-ний 3000 орчим хүний аминд хүрсэн халдлагыг зохицуулахад тусалсан тул эрэн сурвалжлагдаж байсан байна.
Тэрээр Аль-Каидагийн удирдагч Осама Бин Ладены хувийн эмчээр ажиллаж байжээ. 2011 онд АНУ бин Ладеныг устгасны дараа бүлэглэлийг удирдаж эхэлсэн байна. Цагаан ордны нэрээ нууцалсан албаны хүмүүс Ням гарагийн өглөө орон нутгийн цагаар өглөөний 6:18 цагт Кабулд нисгэгчгүй онгоцны цохилтын үеэр Завахири амь үрэгдсэн гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлсэн байна.
"Түүний гэр бүлийн гишүүдээс хэн нь ч бэртэж гэмтээгүй, энгийн иргэд амь үрэгдээгүй. Даалгавар бүрэн биелэгдсэнийг баталгаажуулсны дараа би энэ мэдээг Америкийн ард түмэнтэй хуваалцаж байна. Энэ нь манай терроризмын эсрэг нийгэмлэг, гол холбоотнууд болон хамтран ажиллагсад, түншүүдийн шаргуу хөдөлмөрөөс үүдэлтэй юм" гэж Америкийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Настоящее время