АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн онгоц мягмар гарагийн орой Тайваний нийслэл Тайпей хотын нисэх онгоцны буудалд газарджээ.
Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хариу үйлдэл үзүүлж болзошгүйг Цагаан ордон анхааруулж байсан. Одоогоор Хятад улс Тайванийг тойрсон сургуулилт хийхээ зарлаад байна.
Хятадын гадаад харилцааны яам Пелосигийн ирснийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. “Хятадын засгийн газар болон ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тууштай шийдэмгий, хүчтэй хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй" гэж Оросын Интерфакс Хятадын гадаад харилцааны яамны мэдэгдлийг иш татжээ.
Пелосиг анх Тайбэйд ирэхэд Хятадын байлдааны онгоцнууд далайн хоолойгоор Тайванийг чиглэн нисэж байна гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байсан. Дараа нь арми телевизээр дамжуулан ойрын ирээдүйд буюу мягмар гарагаас эхлэн Тайванийн ойролцоо хэд хэдэн тодорхой ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн бол хэсэг хугацааны дараа Синьхуа агентлаг эдгээр нь сургуулилт болно гэж мэдэгдсэн.
Пелоси мягмар гарагийн орой Тайваньд ирсэн бөгөөд өглөө нь орон нутгийн парламентад айлчилжээ. Тэрээр хэлсэн үгэндээ Тайваний нийгмийг "дэлхийн хамгийн эрх чөлөөт орнуудын нэг" гэж нэрлэсэн байна.
Тэрээр мөн Тайваньтай парламент хоорондын харилцаагаа өргөжүүлж, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар ярилцахыг уриалав. Пелосиг парламентын дэд дарга Цай Чичан хүлээн авч уулзан, түүнийг "Тайваний ард түмний агуу найз" хэмээн нэрлэжээ.
Пелоси парламентад айлчилсны дараагаар Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзсан байна. Уулзалтын үеэр тэрээр Тайванийг дэмжсэн Төлөөлөгчдийн танхимын даргад талархал илэрхийлж, Засгийн газрын захидлыг гардуулжээ.
Мөн лхагва гарагийн үдээс хойш тэрээр Тайванийн олон нийтийн зүтгэлтнүүдийн цөөн хэсэгтэй уулзахаар төлөвлөжээ. Уулзалт Шинэ Тайбэй дэх Хүний эрхийн үндэсний музейд болох бололтой.
Пелоси лхагва гарагийн орой арлыг орхих төлөвтэй байна.
Даваа гарагаас хойш Хятадын хэд хэдэн байлдааны хөлөг онгоц Хятад, Тайванийг тусгаарладаг албан бус хилийн ойролцоо байна.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Хятадын сөнөөгч онгоц удаа дараа тактикийн маневр хийж, тусгаарлах шугамд богино хугацаанд "хүрч", хоолойны хажуу руу буцаж ирсэн байна. Тайванийн сөнөөгч онгоцнууд мөн тэдний талд агаарын орон зайд эргүүл хийжээ.
Ихэвчлэн хоёр талын нисэх онгоцнууд төсөөллийн шугамыг давдаггүй байна.
Тайваний Батлан хамгаалах яам мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Тайваний ойролцоох цэргийн маневруудыг бүрэн мэдэж байгаа бөгөөд "дайсны заналхийлэлд" зохих ёсоор хариу өгөх болно гэжээ.
Хятадын зүүн өмнөд хэсэгт, Тайваний эсрэг талд орших Шямэнь хотын оршин суугчид мягмар гарагт хуягт машинууд идэвхтэй хөдөлж байгааг мэдээлж, гэрэл зургуудыг цахим орчинд нийтэлсэн байна.
Эх сурвалж: BBC