Цаг үеийн мэдээ

ОХУ Европ руу хий дамжуулдаг гол сувгуудын нэг Норд Стрийм 1 хоолойн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Оросын төрийн өмчит эрчим хүчний Газпром компанийн мэдэгдсэнээр хийн хоолойд засварын ажил хийгдэх тул ирэх гурав хоногийн хугацаанд хий дамжуулах хоолой ажиллахгүй гэсэн байна. 

Москвагийн зүгээс хий дамжуулах хоолойн хүчин чадлыг хэдийнээ бууруулаад байгаа юм. Европын орнууд Москваг эрчим хүчний ханган нийлүүлэлтийг дайны зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгасаар байна. 

Норд Стрийм 1 хоолой ХБНГУ-ын зүүн хойд эргээс ОХУ-ын Санкт-Петербург хотын эрэг хүртэл Балтийн тэнгис доогуур 1,200 км үргэлжлэн байрладаг. 2011 онд нээгдсэн уг хоолой бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд хоногт дээд тал нь 170 сая куб метр хий дамжуулах чадалтай байна. 

Оросын тал өнгөрсөн долоодугаар сард завсар үйлчилгээний ажил хийх нэрээр хий дамжуулах хоолойг 10 хоног хаасан бөгөөд одоогоор уг хоолой бүрэн хүчин чадлынхаа ердөө 20 хувьд нь л хий дамжуулж байгаа гэж барууныхан үзэж байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа