Цаг үеийн мэдээ

АНУ-ын иргэдийн дундаж наслалт 1996 оноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн талаар Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар америкчуудын дундаж наслалт даруй хоёроос гурван жилээр багассан байна. Үүнд ковид-19 цар тахлын нөлөө ч бий гэж тайлбарлажээ.

Тус улсад 2019 оны судалгаагаар иргэдийн дундаж наслалт 79 байсан бол энэ жил 76 болж буурсан байна. Мөн уугуул америкчууд, Аляскын уугуул иргэдийн дундаж наслалт хоёр жилээр буурчээ. Урьдчилсан судалгааны дүнгээр 2019-2021 оны хооронд Америкийн нийт бүс нутаг даяар иргэдийн наслалт дунджаар 2,7 жилээр багассан байна. 

Үүний тэн хагас нь ковид-19 цар тахлын нөлөөнөөс улбаатай гэж статистикчид тайлбарлажээ. Цар тахлаас гадна санамсаргүй бэртэл гэмтэл, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх явдал 2021 онд нас барсан иргэдийн дийлэнх хувийг эзэлсэн байна. Түүнчлэн зүрхний шигдээс, элэгний өвчлөл, амиа хорлолт зэрэг нь америк иргэдийн дундаж наслалт буурахад нөлөө үзүүлсэн аж. 

Нөгөөтээгүүр судлаачдын анхаарал татсан өөр нэг үзүүлэлт нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд дундаж наслалт өөр байсан дүн юм. Эрэгтэйчүүдийн хувьд 2021 онд дундаж наслалт бүтэн жилээр буурч 73,2 болсон бол эмэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт нь 10 сараар буурч 79,1-д хүрчээ. 

Сонирхуулахад 2020 онд хийсэн өөр нэг судалгаагаар АНУ-ын хамгийн урт насжилттай иргэд Хавайд бүртгэгдсэн байна. Тус мужид иргэдийн дундаж наслалт 80,7 байжээ. Харин Миссиссипи мужид хамгийн бага буюу 71,9 байжээ. Ийнхүү АНУ иргэдийнхээ дундаж насжилтын тоогоор дэлхийн дорой буурай хөгжилтэй улс орнуудтай эн зэрэгцэж байгаа юм. 

Дэлхийн банкны хийсэн статистик дүнгээр иргэдийн дундаж насжилтаар Хонконг, Япон улсууд 85 насаар тэргүүлсэн бол Сингапур 84 насаар удаалж, араас нь Швейцарь, Австрали, Норвеги улсууд 83 насаар жагссан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа