Цаг үеийн мэдээ

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын эхнэрийг дээд шатны шүүхээс авлига хээл хахуулийн хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна. Нажиб Разакын эхнэр Росма Мансорыг Саравак муж дахь нарны эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд 194 сая рингит буюу 43 сая ам.долларын авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ. Дээд шүүх түүний эсрэг тулгасан гурван хэргийг урьд өмнө хэрэгсэхгүй болгоод байсан боловч өнөөдөр дээд шүүхээс хатагтай Мансорыг гэм буруутай гэж үзсэнээ мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын гэмт хэрэгт оноосон 12 жилийн хорих ял хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн өдрийн дараа эхнэрийг нь шүүн хэлэлцжээ. Түүний эхнэрийг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн зэрэг 17 төрөл зүйлээр буруутгаж байгаа аж. 

Энэ жил 70 настай Росма Мансор тансаг зэрэглэлийн брэндүүдийн бараа бүтээгдэхүүн, үнэт эдлэлийн цуглуулагч гэдгээрээ алдартай. Одоогоос дөрвөн жилийн өмнө цагдаагийн тусгай ажиллагаагаар ерөнхий сайд асны үл хөдлөх хөрөнгийг шалгахад Hermes брэндийн цүнх 272 ширхэг, үнэт чулуугаар чимэглэсэн толгойн гоёл 14, алмаз эрдэнэтэй хүзүүний зүүлт, 1,6 сая ам.долларын алт олдож байжээ. 

Куала Лумпурын дээд шүүх Росмад ял оноохоор зэхэж байгаа ч тэрээр туслахууд, хуулийн зөвлөхүүдийн хамт гэм буруугаа хүлээхээс татгалзаж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байна. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа