Цаг үеийн мэдээ

ОХУ-ын газрын тосны томоохон корпорац болох Лукойлын тэргүүлэгч Равил Маганов Москва хотод эмнэлгийн цонхоор унаж нас барсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тус компанийн зүгээс 67 настай захирал Маганов таалал төгссөн гэдгийг баталсан ч хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгссөн гэж мэдэгджээ.

Маганов нь Москва хотын Клиникийн төв эмнэлэгт эмчлүүлж байжээ. Хэвлэлүүдэд нийтэлснээр тэрээр цонхноос унаснаас болж авсан бэртлийн улмаас таалал төгссөн байна. Мөрдөгчид үхлийн шалтгааныг тодруулахаар хэргийн газарт ажиллаж байгаа гэжээ. Тасс агентлаг түүнийг пүрэв гарагийн өглөө эмнэлгийн зургаан давхрын цонхноос унасан ба амиа егүүтгэсэн байж болзошгүй талаар мэдээлжээ. 

Сүүлийн үед Оросын нэр нөлөө бүхий чинээлэг эрхмүүд учир битүүлэг шалтгаанаар амьсгал хураах болсны нэг нь Маганов болж байна. Тухайлбал Новатек компанийн менежер агсан саятан Сергей Протосенья гэр бүлийн хамт нас барсан байдалтай өнгөрөгч дөрөвдүгээр сард олджээ. Мөн Газпромбанкны дэд Ерөнхийлөгч агсан Владислав Аваев мөн гэр бүлийн хамт гэртээ нас барсан байжээ.

Кремл Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргаснаас хойш Лукойл компанийн удирдах зөвлөлийн гишүүд дайн тулаанаа зогсоохыг уриалж, дайны хохирогчдод эмгэнэл илэрхийлсэн байна. 

Оросын хамгийн том хувийн компани болох Лукойлд Маганов 1993 оноос ажиллаж эхэлжээ. Тэрээр гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Путинээс шагнал гардаж, хоёр жилийн өмнөөс удирдах зөвлөлийг тэргүүлэх болсон байна. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа