Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, яамны удирдлагын баг хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлсэн.
Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний баг бий болгох тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргаж ажлаа эхлүүлжээ.
ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдүүдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт 8-р сард багтаан хамруулсан байна.
9-р сарын 1-нээс 3 хооронд Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 7 хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов.
Ингэснээр эхний ээлжид нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг 2 өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монгол эмч мэргэжилтнүүд хийж дууслаа.
Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангажээ.
Ийнхүү Монгол улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг Эрүүл мэндийн салбар багаараа нэвтрүүлж чадлаа. Гадаадад эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор 4 дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. Эрүүл мэндийн яам цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхааран ажиллана.