Мьянмарын улс төрч, нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи төрийн эргэлт гарснаас хойш жил гаруйн турш хоригдож байна. Тэрээр эрх барихаасаа өмнө 2010 он хүртэл 15 жилийн турш гэрийн хорионд амьдарч байсан билээ. Су Чигийн амьдарч байсан Янгоны Инья нуурын эрэг дэх байшин түүний мэдэгдэл хийж, дуу хоолойгоо хүргэдэг гол байрлал байсан тул дэлхий дахинд танигдсан ажээ.
Их Сургуулийн өргөн чөлөөний 54-56 хаягтай 0,8 га талбайтай уг байшинг Су Чигийн аав тусгаар тогтнолын баатар гэгддэг генерал Аун Саныг 1947 онд бусдад алуулсны дараа Засгийн газраас ээжид нь өгч байжээ. Ээж Хин Ки нь 1988 онд таалал төгссөн юм.
АНУ-д амьдардаг инженер мэргэжилтэй, Аун Сан Су Чигийн ах Аун Сан О байшинг эзэмших эрхийн төлөө 2000 онд анх шүүхэд хандаж байжээ. Шүүгчид хэргийг олон удаа шалгаж, хуулийн маргаан удаан хугацаанд үргэлжилсний эцэст Нейпьидо хот дахь дээд шатны шүүхээс байшинг ижил тэгш хамтран эзэмших эрхтэй болохыг баталсан шийдвэр гаргасан байна. Одоогоор Аун Сан О өөрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгөө худалдах, аль эсвэл өөрөө ашиглах эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Уг байшинд хоригдож байсан Аун Сан Су Читэй уулзахаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар ирж байжээ. Су Чи гэрийн хорионоос суллагдсанаасаа хойш энд амьдраагүй байна.
Эх сурвалж: The Guardian