Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Засгийн газар эрчим хүчний хямралын эсрэг тэмцэхэд зориулж 65 тэрбум евро зарцуулахаар төсвөө баталжээ. ОХУ Украин руу цэргээ оруулсныг зэмлэж Европын Холбоо Москвагийн эсрэг хориг баталсан нь Европын орнуудад эрчим хүчний хямралыг бий болгосон. Хүйтний улирал эхэлж байгаа үед эрчим хүчний үнэ эрс нэмэгдээд байна.

Германы Засгийн газрын өмнө эрчим хүчний салбарын хямралыг намжаахаар баталсан хоёр төсөвтэй харьцуулахад энэ удаагийнх илүү өргөн хүрээг хамарсан том хэмжээний төсөв болж байгаа аж. Энэ удаад баталсан 65 тэрбум еврогоор эрчим хүчний салбарын бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхэнд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх зэрэг алхмууд багтжээ. 

ОХУ Герман руу хий дамжуулдаг Норд Стрийм 1 хоолойг өнгөрсөн долоо хоногт хааж, хэлсэн хугацаандаа эргүүлэн нээх боломжгүй ба нээгдэх тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэж мэдэгдээд байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн салбар хямралд өртөж эхлээд байна. Үүнд бухимдсан иргэд гудамж талбайд жагсах болжээ. 

Тухайлбал өнгөрсөн ням гарагт Чехийн нийслэл Праг хотод эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцэж 70,000 орчим иргэн жагсаалд нэгдсэн байна. Тэд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг Европын эрх баригчдаас шаарджээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа