БНХАУ-ын Сычуань мужид өчигдөр өдөр 13:00 цагт 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж шархдан, 16 иргэн сураггүй алга болжээ.
Сычуань мужийн нийслэл Чэндү хотод газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, өндөр барилгууд ганхсан байна. Гэвч тус хотод коронавирусийн хөл хорио тогтоож, 21 сая иргэн гэрээсээ гарах хориотой тул газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг аваад барилгаас гарч болох эсэхтээ эргэлзэж, багагүй цочирджээ.
Газар хөдлөлтийн үеэр хөрс гулсаж, цахилгаан холбоо тасарсан байна. Газар хөдлөлтийн голомт хөрсний гүний 10 км-т, Кандин хотоос 43 км-т бүртгэгджээ. Гарз хохирол амссан бүсэд 500 гаруй аврагч ажиллаж байгаа бөгөөд тэдэнд туслуулахаар 1000 цэргийг илгээсэн байна.
Эх сурвалж: CNN