Их Британи улс гурав дахь эмэгтэй Ерөнхий сайдаа сонголоо. Тус улсын дараагийн Ерөнхий сайдын суудлыг эзлэх өрсөлдөөнд хатагтай Лиз Трасс 57 хувийн саналаар ялсан байна.
Лиз Трассыг өнөөдөр Балморал шилтгээнд хатан хаан Элизабет албан ёсоор томилсноор Борис Жонсоны ажлыг хүлээж авна. Энэ жил 47 настай Трасс өөрийн Засгийн газрыг бүрдүүлж, гар нийлэн ажиллах эрхмүүдийн нэрийг удахгүй зарлана.
Санал хураалтад ялсныхаа дараа тэрээр нэн түрүүнд эрчим хүчний хямралтай тэмцэж, үнийн хөөрөгдлийг бууруулах, татварыг багасгах алхмууд авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ.
Засгийн газрын танхимыг бүрдүүлэх албан тушаалтнуудын нэр пүрэв гарагт тодорно. Тэд ирэх долоо хоногуудад эрчим хүчний хямралтай тэмцэхэд туслах багц төсөв батлахаар ажиллах ажээ. Шинээр бүрдэх Засгийн газар дотоодын эрчим хүчний компаниудад зээл олгох, хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг тэглэх, аль эсвэл бууруулах зэргээр боломжтой бүх арга замыг эрэлхийлнэ гэж таамаглаж байна.
Шинээр сонгогдсон Ерөнхий сайдын анхаарал хандуулж буй өөр нэг салбар нь жижиг бизнес эрхлэгчид юм. Маш бага хувиар өөрийн өрсөлдөгч Риши Сунакыг ялсан хатагтай Трасс суудлаасаа огцорсон анд нөхөр Борис Жонсонд хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэхдээ түүний Брекситийг хийсэн гавьяаг нь өндрөөр үнэлжээ.
Эх сурвалж: ВВС