Ирландын Мэдээлэл хамгааллын хорооноос Инстаграм цахим сүлжээг эзэмшигч Мета компанийг 405 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. Инстаграм нь насанд хүрээгүй хүүхдүүдийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд ил тод харуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Мэдээлэл хамгааллын хороо хоёр жилийн турш мөрдлөг шалгалт явуулсан байна. Ингэхэд тус цахим сүлжээ 13-17 настай хүүхдүүдийг дэмжиж хаяг нээхийг нь хүлээн зөвшөөрсөн ч тэдгээр өсвөр насны хэрэглэгчдийн утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хэрэглэгчийн бүртгэлийн системд ил харагдах тохируулга хийснийг тогтоожээ.
Мета компани Ирландын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Инстаграмыг эзэмшдэг Мета компанийн зүгээс “Ирландын шинжээчид жилийн өмнөх хуучин тохиргооны алдаан дээр мөрдлөг шалгалтаа суурилуулан явуулсан. Түүнээс хойш өсвөр настнуудын аюулгүй байдал, хувийн мэдээллийг нь хамгаалах шинэ алхмуудыг хэрэгжүүлж байгаа” гэж тайлбарлажээ.
Тухайлбал Инстаграм хуудсанд 18-аас доош насны хэрэглэгчдийн мэдээлэл автоматаар нууцлагддаг ба хүмүүс тэдний постыг л харах боломжтой төдийгүй тэднийг албан ёсоор дагадаггүй насанд хүрэгчид зурвас илгээх боломжгүй байна.
Эх сурвалж: The Guardian