Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд орших Шинэ Зеланд улсад өвлийн улирал дуусч хаврын улирал эхэлжээ. Тус улсад өвлийн улирал өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дулаан байсан бол хаврын улирал зузаан цасаар эхэлсэн байна.
Шинэ Зеландын Крайстчөрч, Дунедин, Веллингтон хотуудад цасан бүрхүүл тогтжээ. Их хэмжээний цас орсны улмаас Умард ба Өмнөд арлуудад төв замуудыг хаасан байна.
Уг цаг агаарын урсгал Антарктикаас үүсэлтэй гэж цаг уурч Дан Корриган хэлжээ. Норт Кантербюригийн зарим тосгон, Крайстчөрчийн хойд дүүргүүдийн оршин суугчид хэдэн жилийн дараа орж буй анхны цасанд баярлан цахим сүлжээндээ сэтгэгдлээ хуваалцсан байна.
Энэ өвөл Шинэ Зеландад урьд өмнө байгаагүй дулаан өвөл байсан тул хаврын улирал эхлэхэд гэнэт хүйтэрсэн нь иргэдийг төдийгүй цаг уурчдыг багагүй цочирдуулжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус улсад 6-8 дугаар сарын хооронд үргэлжлэх өвлийн улиралд цельсийн 9,8 хэмийн дундаж дулаантай байсан нь 1981-2010 оны дундажтай харьцуулахад цельсийн 1,4 хэмээр дулаарсан үзүүлэлт байна.
Эх сурвалж: The Guardian