Өмнөд Солонгос улсын Чэжү, Бусан, Улсан, Пухан хотуудыг энэ долоо хоногт Хиннаму хар салхи дайран өнгөрч асар их хэмжээний гарз хохирол дагуулаад байна. Уг хар салхи нь улсын түүхэн дэх найм дахь хүчтэй хар салхи гэж албаныхан тодорхойлсон. Тус улсын нийслэл Сөүл хотын ойр орчмын нутаг дэвсгэр хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа хар салхинд өртлөө. Өмнөх хар салхины улмаас 14 хүн амиа алдсан юм.
Өчигдөр Пухан хотод гарааш руугаа орж машинаа гаргах гэж байсан есөн хүн ор сураггүй болсон тухай мэдээлж, тэднийг аврах ажил бүхэл шөнийн турш үргэлжилсэн байна. Тэдгээр иргэдийн хоёрыг нь эсэн мэнд гаргаж авсан боловч бусад долоон хүнийг үерийн усанд автсан гараашнаас гаргахад зүрх нь зогссон байдалтай олджээ. Аврагчид гараашийг үргэлжлүүлэн цэвэрлэж өөр хүн байгаа эсэхийг шалгаж байна.
Сөүлээс 200 гаруй км-ын зайтай Пухан хот нь хар салхинд хамгийн их өртсөн бүс нутаг юм. Тус хотод хөрс гулсаж, байшин барилга нурж, үерийн усанд зам эвдэрсэн байдалтай байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл хар салхинд хамгийн их нэрвэгдсэн Пухан хот руу тусламж нэмж илгээх ба өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News