Вьетнам улсын Хо Ши Мин хотод үйл ажиллагаа явуулдаг Ан Фу караоке бааранд гал гарч 12 хүн газар дээрээ амиа алдаж, бусад үйлчлүүлэгчид гэмтэж бэртжээ.
Гал караокены дээд давхраас эхэлж богино хугацаанд тархсан байна. Хоёр болон гурван давхраас дөрвөн хүн цонхоор үсэрч бэртэж гэмтсэн ч амь насаа аварч чаджээ.
Галын шалтгааныг тогтоохоор гал сөнөөгчид ажиллаж байна. Галын дохиолол дуугарсан даруйд гал сөнөөгчид ирж, цагийн дотор унтраажээ.
Тус караоке нь Хо Ши Мин хотын Бин Дун дүүрэгт байрладаг, 29 өрөөтэй томоохон цогцолбор юм байна. Барилгын 30 орчим хувь нь шатжээ. Ан Фу караоке модон тавилга, чимэглэл ихтэй тул гал хурдан тархсан байж магадгүй гэж үзэж байна.
Ташрамд мэдээлэхэд өнгөрсөн сард Вьетнам улсын нийслэл Ханой хотын караокед гал гарч, галыг унтраах гэж байсан гурван гал сөнөөгч амиа алдсан юм.
Эх сурвалж: ВВС