Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзо өнгөрөгч долоодугаар сард Нара хотод сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр буудуулж амиа алдсан билээ. Түүний оршуулгыг энэ сарын 27-ны өдөр хийхээр товлосон. Японы Засгийн газар оршуулгад гадны зочид төлөөлөгчдийг урих зэргээр зохион байгуулалтын ажилд 1,6 тэрбум иен буюу 12 сая ам.доллар төсөвлөөд байгаа юм.
Абэ Шинзогийн оршуулгад оролцох АНУ-ын төлөөлөгчдийг дэд Ерөнхийлөгч Камала Харрис тэргүүлэн оролцож, Япон улсад айлчлахаар болсон байна. Түүний айлчлал Америк, Япон хоёр орны ойр дотно холбоо харилцаа, манлайллыг чухалчлан харуулах болно гэж Цагаан ордон мэдээлжээ.
АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгч есдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд хийх айлчлалд Өмнөд Солонгос улс багтсан байна. Харрисын багийн эхний очих газар Токио бол дараа нь Сөүлд газардана. Тэрээр дэд Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноосоо хойш хоёр дахь удаа Ази тивд айлчилж байна. Айлчлалынхаа хүрээнд Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN