Цаг үеийн мэдээ

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет Балморал шилтгээнд 96 насандаа тайван нойрслоо. Их Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил төр барьсан хатан хааныг таалал төгссөний дараа дэлхийн нийт эмгэнэл илэрхийлж, түүний хүнлэг энэрэнгүй сэтгэл, туулсан замналыг эргэн дурсаж байна.

Их Британийн ард түмэн уй гашуугаа илэрхийлж, хатан хаанд хүндлэл үзүүлэн Букингэмийн ордны гадаа цуглаж төрийн дууллаа дуулжээ. Түүний ууган хүү Чарльз гуравдугаар Чарльз хаанд өргөмжлөгдсөн тул ээжийнхээ оршуулах ёслолыг зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Гуравдугаар Чарльз хаан хайртай ээжээ алдсандаа гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлсэн ба баасан гарагт албан ёсны мэдэгдэл хийнэ. Гэр бүлээсээ тусдаа АНУ-д амьдарч байсан ханхүү Харри болон түүний ах Уильям зэрэг хатан хааны удмын гэр бүлийн бүх гишүүн Балморалд цуглажээ. 

Хатан хааны таалал төгссөнтэй холбогдуулан баасан гарагт товлосон спортын арга хэмжээнүүд, үүнд Англи болон Умард Ирландын хөлбөмбөгийн лигийн тогтолтууд, олон нийтийн жагсаал цуглааныг цуцалсан байна. Мөн Британийн Морин уралдаан, гольфийн уламжлалт тэмцээн уралдаануудыг зогсоолоо. Харин театр урлагийн тоглолтууд хэвийн үргэлжлэх ба эхлэхийн өмнө минутын хугацаанд дуугаа хурааж хатан хаанд хүндлэл үзүүлэх ажээ. 

1926 онд мэндэлж, 1952 онд хатан хааны суудалд суусан хоёрдугаар Элизабет Винстон Чөрчиллөөс Лиз Трасс хүртэл Их Британийн 15 Ерөнхий сайдыг батламжилжээ.

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа