Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн арга хэмжээн дээр дагалдан явж байгаа эмэгтэй чухам хэн болохыг олон улсын хэвлэлүүд сонирхож эхэлжээ. Ажил хэрэгч хослол өмсөж, нүдний шил зүүсэн, хар өнгийн цүнх барьсан эмэгтэй ойрын саруудад удирдагчийн хажууд явж байгаа нь хэд хэдэн зурган дээр гарсан байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон бүх нийтийн урлагийн арга хэмжээн дээр уг эмэгтэй Ким Жон Уны хажууд байжээ. Мөн Ардын дээд хурал дээр удирдагчийг цөмийн зэвсэгтэй улс болсноо албан ёсоор дэлхий дахинд зарлаж, үг хэлэх үед уг эмэгтэй хавтастай бичиг баримт барин харагджээ. Хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа хатуу чанга хяналтад байдаг тус улсад уг эмэгтэйн зураг, бичлэгийг олон нийтэд цацсаар байгаа ч хэн гэдэг нь нууцлаг хэвээр байна.
Хэвлэлүүдэд бичсэнээр уг эмэгтэйг 30-40 орчим настай, Ким Жон Уны төрөл төрөгсдийн нэг болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ. Умард Солонгосын удирдагч 1970-аад онд төрсөн эцэг нэгтэй Ким Сол Сун, Ким Чун Сон гэх хоёр эгчтэй гэж үздэг. Хамгийн том эгч нь болох Ким Сол Сун намын удирдах шатанд идэвхтэй бөгөөд хөшигний ардаас зааварчилгаа өгдөг гэж таамагладаг байна. Харин бага эгчийнх нь тухай мэдээлэл бараг байдаггүй аж.
Удирдагчийн эгч дүүсээс олон улсад хамгийн их танигдсан нь Ким Ё Жон юм. Түүнийг ахынхаа халааг залгах хамгийн чухал хүн гэж олон улсад үздэг.
Эх сурвалж: The Guardian