ХБНГУ-ын канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украинтай холбоотой мөргөлдөөнийг аль болох хурдан дипломат аргаар шийдвэрлэхийг уриалжээ.
Шольц мөн гал зогсоох, Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах, тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх шаардлагатайг мэдэгджээ. Канцлерын хэлснээр, Украины нутаг дэвсгэрт ОХУ-ын цаашдын аливаа алхамд хариу өгөхгүйгээр үлдээхгүй бөгөөд ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй. ХБНГУ-ын канцлер Путиныг Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай гэж үзээд Украины олзлогсдод олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хандахыг Оросын талаас хүссэн байна.
Харин Кремлийн мэдээллснээр Путин, Шольц нар байгалийн хийн хангамж, үр тарианы хэлэлцээр, Запорожье атомын цахилгаан станцын талаар ярилцсан гэж мэдэгджээ. "Украины тал олон улсын хүмүүнлэгийн хуулийг илт зөрчиж, Донбассын хотуудыг байнга буудаж, үүний үр дүнд энгийн иргэд амь үрэгдэж, иргэний дэд бүтцийг зориудаар сүйтгэж байгаад Холбооны Канцлерийн анхаарлыг хандуулсан” гэж Кремлийн цахим хуудсанд мэдээллэжээ. Путин Шольцтой ярилцахдаа Оросын тал Олон улсын улаан загалмайн хороонд дайнд олзлогдогсод руу очиход нэвтрэх боломжийг олгодог бол Киев тийм боломж олгодоггүй гэж онцолжээ. Тэрээр мөн Орос улс Европт эрчим хүчний нөөцийн найдвартай ханган нийлүүлэгч хэвээр байгаа бөгөөд тасалдал нь хориг арга хэмжээнүүдтэй холбоотой гэдгийг тэмдэглэжээ.
Шольц, Путин хоёрын яриа нэг цаг хагас үргэлжилсэн байна. Хамгийн сүүлд Германы канцлер, ОХУ-ын ерөнхийлөгч нар тавдугаар сард утсаар ярьсан байна.
Эх сурвалж: Настоящее время