Иорданы нийслэл Амман хотод орон сууцны барилга нурсны улмаас 5 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ. Хохирогчдын дунд 8, 11 настай хоёр охин байгаа аж. Тус вант улсын засгийн газрын төлөөлөгч Франс Пресс агентлагт хэлэхдээ, нуранги дор 10 хүн үлдсэн бөгөөд тэднийг аврах ажиллагаа үргэлжилж байна хэмээжээ.
Тус улсын эрх баригчид тус барилгыг хуучирч ослын нөхцөл байдалтай байсан нь эмгэнэлт явдлын шалтгаан болсон гэж үзэж байна. Зарим эх сурвалж барилгын доороос ус ундарч сууринд орсноор нурсан хэмээжээ. Мягмар гарагт нурсан дөрвөн давхар барилга нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэгд байрлаж байсан гэж Иорданы хэвлэлүүд мэдээлжээ. Тус хороолол нарийн гудамжнуудтай учир аврагчид хүнд техник оруулах боломжгүй байна.
Зэргэлдээх байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Иорданы Ерөнхий сайд Бишер Аль-Хасавне мөрдөн байцаалт явуулах тушаал гаргажээ.
Эх сурвалж: Euronews