Америкийн гадуур болон уулын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Патагониа компанийг үүсгэн байгуулагч Ивон Чуинард дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бүх ашиг орлогоо хандивлахаа мэдэгджээ. Жилдээ 1,2 тэрбум ам.долларын орлогоор тэрбумтнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг Чуинард өөрийн 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй компаниа бүхэлд нь дэлхийн цаг уурын хямралын эсрэг тэмцэхэд хандивлаж байна гэжээ.
Тэрээр уул хаданд авирах сонирхлоо дэлхийн амжилттай яваа спорт хувцасны брэндүүдийн нэг болтол нь хөгжүүлсэн эрхэм юм. Патагониа нь дэлхийн 10 гаруй оронд үйлдвэртэй, мянга орчим ажилчинтай, хэдэн зуун салбар дэлгүүртэй. “Одооноос эхэлж манай компанийн гол хувьцаа эзэмшигч дэлхий боллоо. Бүх ашиг орлого та бидний гэр болсон дэлхийн бөмбөрцгийг аврах үйлсэд зориулагдах болно” гэж Чуинард мэдэгдсэн байна.
Компанийн хувьцаа Холдфаст Коллектив компанид шилжиж, компанийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлого бүрийг хүрээлэн буй орчны хямралтай тэмцэх, байгаль дэлхий, эко системийг хамгаалах үйлсэд зарцуулах ажээ. Патагониа жил бүр орлогынхоо тодорхой хувийг хүрээлэн буй орчныг аврах ашгийн бус үйл хэрэгт зориулах ажлыг 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian