Цаг үеийн мэдээ

Австралийн судлаачид дэлхий дээрх хамгийн эртний зүрхийг олж илрүүлсэн тухай “Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлэгджээ. Перт хотын Көртин их сургуулийн эрдэмтэд түүхээс өмнөх үе буюу 380 сая жилийн өмнө оршин байсан Гого нэртэй загасны чулуужсан үлдэгдлээс цус шахах зориулалттай эрхтэн буюу зүрхийг олсон байна. 

Судлаачдын багийг ахалсан профессор Кэйт Тринажстик уг загасны бүх эд эрхтэн нь чулуужсан ч маш сайн хадгалагдаж үлдсэн байсан бөгөөд элэг, ходоод зэрэг дотор эрхтнүүдээс гадна зүрхийг нь олж харсандаа нүдэндээ ч итгэмгүй баярласан тухайгаа ярьжээ. Өнөөг хүртэл эрдэмтэд балар эртний үеэс чулуужиж үлдсэн амьтдаас дотор эрхтнийг нь байгаагаар нь олсон тохиолдол байхгүй ажээ. 

Гого загас нь дэлхий дээр үүсэж бий болсон плакодерм төрлийн анхны эрүү, шүдтэй загасны төрөлд багтдаг. Үүнээс өмнө загаснууд 30 см-ээс уртгүй байдаг ажээ. Харин плакодерм загаснууд бий болсноор есөн метр хүртэл өсдөг болсон байна. Плакодерм загаснууд дэлхий дээр анхны үлэг гүрвэл дэлхий дээр алхаж эхлэхээс 100 сая гаруй жилийн өмнө 60 сая орчим жилийн турш оршин тогтносон гэж судлаачид үздэг. 

380 сая жилийн настай Гого загасны зүрхний бүтэц дээр доороо байрласан хоёр ховдолтой байгаа нь хүний зүрхний бүтэцтэй төстэй байжээ. Мөн зүрхний байрлал балар эртний буюу анхдагч загаснуудынхаас хамаагүй урагш, хүзүү хэсэгт нь байрлажээ. Австралийн эрдэмтдийн уг ололт удаан хөдөлгөөнтэй усны амьтад хэрхэн түргэн шаламгай хөдөлгөөнтэй араатан амьтад болон хувьсаж өөрчлөгдсөнийг судалж тогтооход чухал хувь нэмэр болно гэж үзэж байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа