Цаг үеийн мэдээ

Орос, Хятадын удирдагчид Владимир Путин, Си Зиньпин нар Украинд дайн эхэлснээс  хойш анхны уулзалтын үеэр эв нэгдэлтэй байгаагаа харууллаа гэж dPA болон Reuters агентлаг мэдээллээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болж буй Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны пүрэв гарагт тэд уулзалдсан байна. "Украины хямралтай холбогдуулан Хятад найз нөхдийнхөө тэнцвэртэй байр суурийг бид өндрөөр үнэлж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

Путины хэлснээр, Москва, Бээжин хоёр "олон улсын эрх зүй, НҮБ-ын гол үүрэг дээр суурилсан олон туйлт энхийн дэг журам" байгуулахын төлөө хамтарна гэжээ. Москва "нэг Хятад" зарчмыг тууштай баримталж, Тайваний хоолой дахь "АНУ болон түүний дагуулуудын өдөөн хатгалга"-ыг буруушааж байна гэж Владимир Путин Си Зиньпинд батлан хэлжээ.

2022 оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятадын худалдааны хэмжээ 25 хувиар өссөн. Ойрын ирээдүйд жилийн худалдааны эргэлтийг 200 тэрбум доллар (200 тэрбум евро) хүртэл нэмэгдүүлнэ гэж ОХУ онцоллоо.

Си Зиньпин эргээд улстөрчид утсаар "үр дүнтэй стратегийн харилцаа холбоог" хадгалж байгааг тэмдэглэн хэлсэн байна.

"Бид Оросын хамтрагчидтайгаа дэлхийн хариуцлагатай гүрний үлгэр жишээг үзүүлж, ийм хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийг тогтвортой, эерэг хөгжлийн замд оруулахад манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэж Си Зиньпин хэлсэн байна.

Барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг Хятад улс буруушааж, Путины Украин дахь үйлдлийг ойлгож байгаагаа илэрхийлсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Түүний хэлснээр, Хятадын удирдагч Путиныг "хуучин анд" гэж нэрлээд, Хятад улс Оростой хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ гэжээ.

Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцож байна.

Эх сурвалж: DW

Таны сурталчилгаа