Цаг үеийн мэдээ

Мексикийн Мичоакан мужийн Ла Плачита де Морелос тосгонд өчигдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр 7,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн улмаас одоо мэдэгдэж байгаагаар нэг хүн амиа алдаж, далай тэнгисийн эрэг орчмын бүс нутаг усанд автжээ.

Хачирхалтай нь тус улсад өмнө нь 1985, 2017 онуудад хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байсан өдөр нь есдүгээр сарын 19-ний өдөр байжээ. Таван жилийн өмнөх энэ өдөр Пуэбла хотын орчимд 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 370 хүн амь үрэгджээ. Мөн 1985 оны энэ өдөр нийслэл Мехико хотын орчимд 8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 5,000 гаруй хүн амиа алдаж байсан юм.

Тиймээс хотын иргэд есдүгээр сарын 19-ний өдрөөс айдаг болсон хэмээн ярьсан байна. Өчигдрийн газар хөдлөлт өмнөх газар хөдлөлтүүдээс цаг хүрэхгүй зайтай болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Энэ удаагийн газар хөдлөлт хүчтэй байснаас голомтоос хэдэн зуун км хол зайтай газруудад ч эрчим хүч тасалдаж, гэрлэн дохио унтарсан байна. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа