Цаг үеийн мэдээ

Орос, Украины дайнд олзлогдсон иргэдийг солилцох ажиллагааны хүрээнд гадаадын 10 иргэн, түүний дотор Донецкийн бүгд найрамдах улсад хоригдож байсан 5 Их Британийн иргэнийг суллажээ.

Лхагва гарагт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы зуучлалаар Украинд саатуулагдсан гадаадын 10 иргэнийг Орос сулласан гэж Саудын Арабын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Суллагдсан олзлогсод нь Украины талд байлдаж байсан Америк, Их Британи, Хорват, Марокко, Швед улсын иргэд бөгөөд тэднийг Саудын Арабд онгоцоор хүргэсэн байна.

Мэдэгдэлд "Саудын Арабын холбогдох эрх баригчид тэднийг Оросоос шилжүүлэн авч дараагийн шатны зохих арга хэмжээг авч байна" гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс "олзлогдогсод болон тэдний гэр бүлийнхэнд хэдэн сар үргэлжилсэн тодорхойгүй байдал, гай зовлонгийн дараа маш сайхан мэдээ байна" гэж Твиттер хуудсаараа дамжуулан бичжээ.

Их Британийн парламентын гишүүн Роберт Женрик суллагдсан хүмүүсийн дунд Айден Эслин байсан гэж мэдэгджээ. Түүнийг энэ оны эхээр баривчилж, дараа нь Украины зүүн нутаг дахь Орост эзлэгдсэн хэсгийн нэг болох Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүхээс цаазаар авах ял оноож байсан.

Мөн лхагва гарагт Ройтерс агентлагийн мэдээлснээр ОХУ нь АНУ-ын иргэн 39 настай Александр Дрейк, 27 настай Энди Хуин нарыг сулласан байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа