Герман улс дайчилгаанаас зугтаж буй Оросын иргэдэд түр орогнол олгоход бэлэн байгаа ч тус улсын цагдаагийн байгууллагын шалгалтад тэнцсэн хүмүүс л орогнол олгох боломжтой гэж Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фезер Frankfurter Allgemeine Sonntagszeitung сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
"Хүнд дарамтад орсон байлдахаас татгалзагсдыг Герман олон улсын хамгаалалтад авах боломжтой. Путины дэглэмийг зоригтойгоор эсэргүүцэж, улмаар өөрийгөө улс төрийн дарамтад өртөж аюулд оруулсан хэн бүхэн Германаас орогнол хүсэх боломжтой" гэж Фезер хэлэв. ХБНГУ аль хэдийн Оросын 438 иргэнд, тэр дундаа сэтгүүлчдэд түр орогнол олгосон гэдгийг сайд мөн дурджээ.
Мөн Украин дахь байлдааны ажиллагаанд оролцохыг хүсэхгүй байгаа оросуудыг халуун дотноор угтан авахаа ХБНГУ-ын Хууль зүйн сайд Марко Бушманн амлажээ. "Олон оросууд эх орноо орхиж байгаа бололтой, Путины замыг үзэн яддаг, либерал ардчилалд дуртай хүн бүрийг Германд халуун дотноор угтан авах болно" гэж тэрээр өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Үүний зэрэгцээ, есдүгээр сарын 19-нөөс Латви, Литва, Польш, Эстони улсууд Европын холбооны аль ч улсад олгосон Шенгений визтэй Оросын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Одоо Орос иргэд ЕХ-ны хилийг зөвхөн Финляндын газрын хилээр давах боломжтой байна.
Эх сурвалж: Настоящее время